Сургалтын тухай
БНЧУ-ын нутаг дэвсгэрт удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл 2021.1.1-нээс хойш олгогдсон гадаад иргэн бүр, мөн өмнө нь Чех улсад оршин суух нөхцөлгүйгээр дээрх огнооноос хойш байнга оршин суух зөвшөөрөл олгогдсон гадаад иргэн бүр оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авсан өдрөөс хойш нэг жилийн дотор дасан зохицолт, интеграцчилалын дамжаанд заавал суух үүрэгтэй.
Сургалт хэнд хамаарах
ДАМЖААНД ЯГ ХЭН ХАМРАГДАХ ЁСТОЙ ВЭ?
БНЧУ-ын нутаг дэвсгэрт гадаадын иргэд оршин суух тухай болон шинэчлэгдэн найруулагдсан зарим хуулийн өөрчлөлтийн тухай 326/1999 тоот хуулийн 42 эсхүл 45-р зүйлийн дагуу удаан хугацааны оршин суух зөвшөөрөл олгогдсон гадаад иргэн бүр, мөн энэхүү хуулийн 66 ба 67-р зүйлийн дагуу байнга оршин суух зөвшөөрөл олгогдсон гадаад иргэн бүр дасан зохицох, интеграцчилалын дамжаанд хамрагдах үүрэгтэй. Тодруулбал, дараах зөвшөөрөлтэй гадаад иргэн бүр уг дамжааг заавал дүүргэх ёстой:
- чехийн нутагт удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй бол
- чехийн нутагт гадаад иргэний оршин суух зөвшөөрлийн зорилгыг өөрчлөх шалтгаанаар олгогдсон удаан хугацааны оршин суух зөвшөөрөлтэй бол
- хүмүүнлэгийн шалтгаанаар чехийн нутагт байнга оршин суух зөвшөөрөлтэй бол, ялангуяа чехийн нутагт орогнол хүссэн гадаад иргэний эхнэр/нөхөр бөгөөд орогнол хүсэхээс өмнө гэр бүл болсон бол, орогнол хүсэгчийн насанд хүрээгүй хүүхэд эсхүл орогнол хүсээгүй ч түүний асрамжид байх ёстой хүүхэд бол, мөн өмнө нь БНЧУ-ын иргэн байсан гадаад иргэн бол
- онцгойлон үзэх шалтгаанаар олгогдсон байнга оршин суух зөвшөөрөлтэй бол
- тухайн гадаад иргэн оршин суух нь БНЧУ-ын ашиг сонирхолд нийцсэний улмаас байнга оршин суух зөвшөөрөлтэй бол
- БНЧУ-ын нутаг дэвсгэрт байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэний хүүхэд бөгөөд чехийн нутаг дэвсгэрт хамтдаа амьдрах шалтгаанаар байнга оршин суух зөвшөөрөлтэй бол
- БНЧУ-ын нутаг дэвсгэрт байнга оршин суух өмнөх зөвшөөрөл нь чехийн нутаг дэвсгэрээс гадуур тасралтгүй зургаан жил, эсхүл Европын Холбооны улсуудын нутаг дэвсгэрээс гадуур тасралтгүй арванхоёр сар амьдарсаны улмаас цуцлагдсаны дараа дахин олгогдсон байнгын оршин суух зөвшөөрөлтэй бол
- Олон улсын хамгаалалт олгох тухай шийдвэрлэлт дууссаны дараа чехийн нутаг дэвсгэрт амьдарч буй гадаад иргэн чехийн нутаг дэвсгэрт тасралтгүй дөрвөн жил амьдарсаны дараа олгогдсон байнга оршин суух зөвшөөрөлтэй бол
ЭНЭ ҮҮРЭГ ХЭНД ҮЛ ХАМААРАХ ВЭ?
энэхүү дасан зохицолт, интеграцчиллын дамжааг өмнө нь дүүргэсэн гадаад иргэн, 66 эсхүл 67-р зүйлийн дагуу олгогдсон удаан хугацааны эсхүл байнга оршин суух зөвшөөрөл нь 2021.1.1-нээс эхлэн хүчинтэй байхаар 2021.1.1-ний өдрөөс өмнө олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй хүнд хамаарахгүй. Дасан зохицолт, интеграцчилалын дамжаа мөн дараах төрлөөр БНЧУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж буй гадаад иргэнд хамаарахгүй:
- Суралцах зорилгоор удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй (оршин суух зөвшөөрлийн код „21“, „22“, „23“, „30“)
- Чехийн нутаг дэвсгэрт хамгаалагдах зорилготой удаан хугацааны оршин суух зөвшөөрөл (оршин суух зөвшөөрлийн код „88“)
- Чехийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын зорилгоор удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл (оршин суух зөвшөөрлийн код „78“)
- БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас олгогдсон удаан хугацааны оршин суух зөвшөөрөл
- Компани дотроо шилжсэн ажилтны үнэмлэх (оршин суух зөвшөөрлийн код „79“)
- Европын Холбооны өөр улсаас компани дотроо шилжсэн ажилтны үнэмлэх (оршин суух зөвшөрлийн код „80)
Түүнчлэн, оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр хүчинтэй үйлчилж эхэлсэн өдрөөр 15 нас хүрээгүй байгаа, эсхүл 61 нас хүрсэн гадаад иргэн дасан зохицолт, интеграцчилалын дамжааг дүүргэх үүрэггүй. Засгийн газрын “Нарийн мэргэшсэн ажилтан”, “Чухал бөгөөд шинжилгээ судалгааны ажилтан” хөтөлбөрүүдийн хүрээнд олгогдсон ажлын болон цэнхэр үнэмлэх эзэмшигчид бас энэхүү дамжаанд хамрагдахгүй.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИРГЭД, ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД ЯАХ ВЭ?
Европын Холбооны иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, БНЧУ-ын иргэдийн гэр бүлийн гишүүд энэхүү дамжаанд суралцах үүрэггүй.
Хэрэв та дасан зохицолт-интеграцчилалын дамжаанд суух үүрэгтэй эсэхдээ эргэлзэж байвал асуулт бөглөн мэдэж авч болно. Уг асуултад хариулахад хэдхэн минут зарцуулагдах бөгөөд таны биометр үнэмлэх үүнд хэрэг болно.
Асуулт руу орох холбоос Прага интеграцчилалын төвийн вэб хуудас дээр: Form | Adaptačně-integrační kurzy (icpraha.com)
Сургалт гэж юу бөгөөд хэрхэн явагддаг
ДАСАН ЗОХИЦОЛТ, ИНТЕГРАЦЧИЛАЛЫН ДАМЖАА ГЭЖ ЮУ ВЭ?
Дасан зохицолт, интеграцчилалын дамжаа гэдэг нь, гадаад иргэд БНЧУ-ын нутагт оршин суух хугацаандаа хүлээх үүрэг, эдлэх эрх, БНЧУ-ын үндсэн зарчим үнэлэмж, БНЧУ-ын орон нутгуудын онцлог, нийтээр зонхилдог соёл зан заншилтай танилцах дамжаа юм. Түүнчлэн, гадаад иргэдэд үнэгүй зөвлөгөө үзүүлдэг байгууллага, албан газруудын талаар дамжаанд оролцогчдод мэдээлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү: http://www.vitejtevcr.cz/
ДАМЖААГ ХЭН ЯМАР ХЭЛ ДЭЭР ЯВУУЛАХ ВЭ?
Дамжааг мэргэжлийн мэргэшсэн багш чех хэл дээр явуулна. Хичээлийн агуулгыг мэргэшсэн орчуулагч англи, араб, франц, монгол, орос, серб, испани, украин, вьетнам хэл рүү орчуулна.
ДАМЖАА ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
Дасан зохицолт, интеграцчилалын дамжаа дөрвөн цаг үргэлжилнэ.
ДУУСГААД ЯАХ ВЭ?
Дамжааг дүүргэсэн тухай гэрчилгээ гардан авна.
Сургалт хэзээ, хаана болох
ЯМАР ХУГАЦААНЫ ДОТОР ДАМЖААГ ДҮҮРГЭХ ЁСТОЙ ВЭ?
Дасан зохицолт, интеграцчилалын дамжаанд суралцах үүрэгтэй гадаад иргэн оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авсан өдрөөс хойш нэг жилийн дотор, эсвэл байнга оршин суух зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс хойш нэг жилийн дотор дамжаанд суух үүрэгтэй.
ДАМЖААГ ХЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ, ХААНА ЯВАГДДАГ ВЭ?
Дасан зохицолт, интеграцчилалын дамжаануудыг Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвүүд (http://www.integracnicentra.cz) ямагт зохион байгуулдаг. Ийм төв БНЧУ-ын нутаг дэвсгэр дээр нийт арван найм буй бөгөөд эдгээрээс дамжаанд суух төвөө гадаад иргэн өөрөө сонгоно. Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төв өөр хуулийн этгээдтэй хамтран дамжааг зохион байгуулж болно. БНЧУ-ын нутаг дэвсгэрт гадаадын иргэд оршин суух тухай болон шинэчлэгдэн найруулагдсан зарим хуулийн өөрчлөлтийн тухай 326/1999 тоот хуулийн 155-р зүйлд заагдсанаар, Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төв шууд зохион байгуулаагүй эсвэл удирдаагүй дамжааг дүүргэвэл үүнийг үүргээ биелүүлсэнд тооцохгүй.
ДАМЖАА ЯВАГДАХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?
Дамжааны төрөл, дамжаа явагдах огноо, болох газар, орчуулга хийгдэх хэл зэргийн тухай мэдээлэл нь нийтэд зориулагдсан дамжааны төлбөр хийгдсэний дараа гадаадын иргэнд нээлттэй болох, харин нийтэд зориулагдаагүй дамжааны тухай мэдээллийг хуулийн этгээд дамжуулна.
Бүртгэл ба сургалтын төлбөр
ДАМЖААНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Дасан зохицолт-интеграцчилалын дамжааг нийтэд зориулагдсан болон нийтэд зориулагдаагүй гэж хуваадаг. Нийтэд зориулагдсан дамжаанд дараах нөхцөлийг биелүүлсэн гадаад иргэн бүр бүртгүүлж болно:
- Дараах порталаар бүртгүүлсэн https://kurzy.frs.gov.cz/cs/user/register
- 1500 чех кроны төлбөр төлөөд төлбөрийн баримт хүлээн авсан
- Тодорхой дамжааг сонгон бүртгүүлээд, баталгаажуулалтыг и-мэйлээр хүлээн авсан
Нийтэд зориулагдаагүй дамжааг хуулийн этгээдийн саналд үндэслэн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төв хамтран зохион байгуулдаг. Энд мөн адил https://kurzy.frs.gov.cz/cs/user/register порталаар бүртгүүлэх шаардлагатай – төлбөр, зохион байгуулалт, гадаад иргэдийг оролцуулах зэрэг зайлшгүй чухал асуудлуудыг хуулийн этгээд өөрөө зохицуулна. Ийм дамжааны төлбөрийг улсад шууд шилжүүлдэггүй!
ДАМЖАА ЯМАР ҮНЭТЭЙ, ТӨЛБӨР ХЭРХЭН ХИЙГДЭХ ВЭ?
Нийтэд зориулагдсан дамжаанд гадаад иргэн суух тохиолдолд улсад 1500 чех крон төлнө; нийтэд зориулагдаагүй дамжаанд бол 800 чк (гадаад иргэн төлбөрийг шууд улсад төлөхгүй, ямагт хуулийн этгээд улсад төлнө). Нийтэд зориулагдсан дамжааны тухайд, гадаад иргэн https://kurzy.frs.gov.cz/ порталд бүртгүүлсэний дараа түүнд гүйлгээний код (чехээр - variabilní symbol) ирнэ; төлбөрийг өөрийн данснаасаа Дотоод яамны данс руу шилжүүлэх, эсвэл шуудан дээр очиж гуйвуулгаар шилжүүлэхдээ гүйлгээний кодыг бичнэ. Төлбөр хийхдээ гүйлгээний код бичээгүй бол төлбөр тооцогдохгүй. Нийтэд зориулагдаагүй дамжааны хувьд, дамжаа захиалан, оролцогчидтой шууд харилцаж буй хуулийн этгээд дамжаанд оролцогч бүх хүний төлбөрийг нэгтгэж хийнэ. Хэрэв төлбөрийг дансаар шилжүүлэхийг хүсэхгүй бол мөнгөн гуйвуулгын баримтыг хэрхэн бөглөх зааврыг эндээс үзнэ үү: https://www.vitejtevcr.cz/cs/jak-seprihlasit.
Ирц, бичиг баримт ба хариуцлага
ДАМЖААГ ЯМАР НӨХЦӨЛӨӨР ТӨГСӨХ ВЭ?
Дамжаа болох өдөр дамжаа явагдах байранд гадаад иргэн ирэхдээ оршин суух зөвшөөрлийн картаа (ePKP) үзүүлж, бүртгэлийн хуудас дээр гарын үсгээ зуран ирснээ баталгаажуулна. Гадаад иргэн уг дамжаанд бүтэн сууж дуусгах ёстой. Дамжаа дуусаад аливаа тест шалгалт авахгүй.
ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?
Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн үнэмлэхээ хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дотор дасан зохицолт, интеграцчилалын дамжаанд суух үүргээ биелүүлээгүй бол зөрчилд тооцогдож 10000 хүртэл чех кроны торгууль оногдуулж болно.